Нэгдүгээр дүрэм. Шар айргийн аяга савны тухай.
Эрт дээр үед хүмүүс торхны ёроолыг хэмх цохингуутаа хоёр гараараа тэврэн өргөж ам руугаа гоожуулдаг байсан гэнэ. Гэхдээ одоо цагт арай бага хэмжээтэй, эвтэйхэн саваар уувал дээр биз ээ. Шар айргийг хундага, шилэн аяга, хагас литрийн сэнжтэй аяга, тагтай уух, бас 1-1,5 литрийн домбоор ууна. Шил, шаазан, шавар, давирхайдсан модоор хийсэн бол сайн. Төмөр ба хуванцар сав дэмий. Савны хэлбэр шар айрагчдын хүслээр ямар ч байж болдог. Гагцхүү савны дотор хана өө сэвгүй, бас шар айраг саадгүй урсахыг бодож олон хуваагдаагүй байвал дээр. Сав дээшээ аажмаар нарийсах учиртай.
Хоёрдугаар дүрэм. Шар айргийг холих ба өөр төрлийн ундаа хийхийг хориглоно.
Шар айргийг ямар нэг юмтай холивол мууддаг. Бөөрөлзгөний шүүс, сироп, амтлах бодис, коньяк, ром, виски нэмж хийх эсвэл дарсаар шингэлэхийг хориглоно. Иймэрхүү хольцтой шар айраг дэндүү хатуу, толгойд гарч мэдэх учраас уухыг цээрлэнэ.
Шар айрганд юу ч хольдоггүй. Холиод ч нэмэргүй. Адил төрлийн согтууруулах ундаагаар шингэлэх юм уу өөр шар айраг нэмж болохгүй.
Хоёр өөр төрлийн эсвэл адил төрлийн өөр хэмтэй шар айргийг хольж болохгүй. Тэгвэл амтны найрлагын тэнцвэр алдагдана.
Шар айраг бол ер бусын шинж чанартай, онцгой цэвэр хольцгүй ундаа юм. Гаднаас элдэв юм хольсноор түүний жинхэнэ чанарыг алдагдуулж гутаадаг.
Гуравдугаар дүрэм. Шар айргийн халуун хүйтэн.
Уухын өмнө шар айргийг яг тааруулж хөргөвөл амттай болно. Ширээн дээр тавьж буй шар айргийн хамгийн зохистой температур 6-8 хэм юм.
Дөрөвдүгээр дүрэм. Шар айргийг юүлж савлах ба аягалах.
Хүмүүс шар айрганд янз бүрээр хандах юм. Хэрвээ түнийг ямар нэг хуванцар саванд юүлж үдийн халуунд тоостой замаар хагас цаг авч давхиад энэ хооронд хэдэнтээ сэгсэрч холилдуулсан бол шар айргийн оронд тийм гэх өнгө, амт, үнэргүй шар шингэнийг уух болно. Тэгээд ямар ч таашаал амсахгүй. Шар айргийг уух нь түүнийг юүлж савлах, аягалахаас эхэлнэ. Шар айргийн баарны лангуун дээр юм уу лонхноос аягалахдаа дараах дүрмийг баримтал. Шар айргийг сэнжтэй аяга ба хундаганы ирмэгээс 2,5 см-ийн өндрөөс яг гол руу юүлнэ. Эхлээд шууд дүүргэхгүй бөгөөд хөөс буусны дараа гүйцээж аягална. Аяганы дөрөвний гуравт хүргэж, эсвэл тэмдэг тавьсан хүрээнд хүртэл хийнэ.
Тавдугаар дүрэм. Шар айргийн хөөс ямар байх вэ?
Зүйрлэж хэлбэл хүмүүсийг нүүр царай, гадна төрхөөр таньж болдгийн адилаар шар айргийг малгайгаар нь шинждэг. Хэрвээ маш олон ширхэгтэй шингэн хөөстэй, улаан шар туяатай, ямар ч хэлбэргүй байвал олигтой шар айраг биш. Шар айргийн хөөс цөцгийтэй мэт, цул, нягт, ширхэггүй, бас цав цагаан байх учиртай. Үлгэр жишээ хөөс гаргаж авахын тулд маш цэвэрхэн аяга сав хэрэгтэй. Зөвхөн шар айргийн зориулалтын сав хэрэглээрэй.
Зургаадугаар дүрэм. Дахин дахин юүлэх, холихыг цээрлэнэ.
Шар айргийг нэгээс нөгөөд юүлэх буюу шинээр аягалсаны дээрээс ууж дуусаагүйг нэмж болохгүй. Зайлах хутгахыг хориглоно. Агаарт буй хүчилтөрөгч шар айргийг маш түргэн исэлдүүлж булингартуулна. Өөрөөр хэлбэл муужирдаг. Дэгээнд орсон загас эрэг дээр үхлээ хүлээж хэвтэхийг ингэж тодорхойлдог билээ.
Долдугаар дүрэм. Зөв уух дүрэм.
Шар айраг уух нь өөрийн гэсэн дүрэмтэй. Ховдоглон залгилж аягаа ганц амьсгалаар хоослох, эсвэл шувуу шиг дусал дуслаар оочих нь энэ дүрмэнд харш. Шар айраг зөв ууна гэдэг бол жишээлбэл нугын өвс хадахын нэгэн адил урлаг гэхэд болно. Өвс хадах, эсвэл шар айраг ууж чадаж буй хүн хичнээн сайхан харагддаг билээ. Шар айргийг гурав балгаж уугаарай. Эхлээд тэн хагасыг ууна. Дараа нь үлдсэн талыг ууна. Гурав дахь удаад үлдсэнийг дуусгана. Яаж балгах, яаж залгих хоёулаа чухал. Олигтойхон балгах өөрөөр хэлбэл балгаж чадах дээд хэмжээнийхээ дөрөвний гурвыг шууд балгах учиртай. Хэн түргэн хөнтөрдөгөөрөө уралдахыг хэнд ч зөвөлмөөргүй байна. Ийм сайхан ундаа хайран шүү дээ.
Наймдугаар дүрэм. Шар айргийг зөв амтлах.
Шар айргийн амтыг шалгахдаа дараах зарчмыг баримтлана. Шар айргийг хэлний үзүүр юм уу дунд хэсгээр биш, хэлний арын хэсэг буюу угаар амтална. Яг энүүхэн хэсэгт хүний амтлах эсүүд оршдог. Дасгал сургуулийн ачаар шар айргийн амтыг таньж удтал санах чадвартай болдог билээ.
Есдүгээр дүрэм. Хоолыг шар айргаар даруулах.
Чех, моравийн үндэсний хоол бол сайтар шарсан гахайн мах (жигнэсэн байцаагаар хачирласан) юм. Үүнтэй төстэй өөр зөндөө хоол байдаг. Эдгээрийг шар айргаас өөр ундаагаар даруулж болно гэж үү? Шар айргийг ямарч хоолны, тэгэх тусмаа махан хоол, шувууны мах, утсан зууш ба тослог бяслагны хамт уувал сайхан. Чехийн шар айргийн бяслагны зутан гэж бий. Шар айраг бол бусад үндэстний ямар ч хоолыг даруулахад зориулж тусгайлан бэлтгэсэн юм шиг ундаа билээ. Туршаад үзээрэй.
Аравдугаар дүрэм. Шар айргийг зөв хадгалах.
Хэрвээ шар айргийг зөв хадгалж чадахгүй бол шар айраг үйлдвэрлэгчид болон бусад олон мэргэжлийн хүмүүс, тээвэрлэгчид, худалдагчдын хөдөлмөр талаар өнгөрөхсөн. Сайн шар айргийн оронд хамаг олигтой чанараа алдсан тааруухан ундаа үлдэхсэн. Шар айргийг яаж хадгалах вэ? Тодорхой шар айргийг газар доорхи зооринд хадгална. Шар айргийн зоорь бол ердийн зоорь биш. Ийм зоорь цэвэрхэн, салхи ордог, элдэв үнэр танар, амтгүй байх ёстой. Үүний тулд шар айргаас өөр юм хадгалж таарахгүй. Хэрвээ зоорины оронд хөргөлтийн камер ашиглавал шар айраг хадгалах дүрэм хэвээр мөрдөгдөнө. Хонгил буюу хөргөгчийн температур нэг хэвийн, дээш доош хэлбэлзэхгүй, доод тал нь 3 хэм, дээд тал нь 8 хэм байх ёстой. Лонхтой шар айргийг мөн тийм хэмд хураана. Нарны гэрэл шууд тусах ёсгүй.
No comments:
Post a Comment